"Зуун жилийн ганцаардал" зохиолч Габриель Гарсиа Маркес


Энэхүү номыг мэдэхгүй номын хорхойтон гэж үгүй биз ээ.Номыг татахаар болон шууд уншихаар орууллаа.Хэрэв та татах гэж буй бол ном маань epub файл учир түүнийг уншдаг програм суулгасан байх хэрэгтэй юм.Хэрэгтэй програмыг мөн орууллаа.

Татах


Номын товч
Колумбийн их бичгийн хүн Габриэль Гарсиа Маркесийн арван долоон настайдаа эхний нь өгүүлбэрийг тавиад, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж, гучин наймтайдаа сая бичиж дуусгасан зохиол нь "Зуун жилийн ганцаардал" роман юм.
Уг романыг “Кихот ноён”-оос хойш испани хэлээр гарсан хамгийн шилдэг бүтээл гэж утга зохиол шинжээч, мэргэжилтнүүд дүгнэдэг. Хосе Аркадио Буэндиа болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ.
Дэлхий даяар шуугиан тарьсан зохиол “Зуун жилийн ганцаардал”-аа 1967 онд анх хэвлүүлжээ. 1982 онд Г.Маркес энэ номоороо дэлхийн утга зохиолд гарсан хамгийн шилдэг бүтээлд олгодог Нобелийн шагналыг хүртжээ.

Габриэль Гарсиа Маркеc товч түүх

Шидэт реализмын суут төлөөлөгч Габриэль Гарсиа Маркес “Тахлын үеийн дурлал”, “100 жилийн ганцаардал”, “Үхлийн хөтөч” зэрэг сонгодог бүтээлээрээ дэлхийн утга зохиолд өөрийн нэрийг арилшгүйгээр сийлж үлдээсэн нэгэн билээ. Харин түүнийг дэлхий дахинаа алдаршуулсан зохиол нь “100 жилийн ганцаардал” роман нь юм. Дэлхийн сая сая уншигчдад Габо хэмээх нэрээр танил болсон өвгөн зохиолчийн богино өгүүлэл, туульс, зөгнөлт бус зохиол нь ч тэр төсөөллийн хязгааргүй боломж, хүний сэтгэлийн чинад дахь нууцад тэмүүлсэн байдаг. Габогийн ертөнцөд тэнгэрээс цэцэгсээр бороо орж, дарангуйлагчид цэнхэр далайг ч арилжиж, бодит байдал, уран зөгнөлтэй сүлэлдэж оршдог. Энэ бол гоо сайхан, харгислал зэрэгцэн оршдог, хайр дурлал төлөөс, боолчлолын аль алиныг шаарддаг, бодит байдал, хүсэл мөрөөдөл хоёрын зааг алга болдог тийм л ертөнц.

Габриэль Гарсиа Маркес 18 настай байхдаа өөрийн төрж, өссөн өвөө эмээгийнхээ гал голомтын тухай зохиол бичихийг хүсдэг байжээ. Хэдийгээр зохиолын санаа түүний толгойд байсан ч ямар хөг аялгуугаар бичихээ мэдэхгүй байв. Габриэль Гарсиа Маркес Колумбын Аракатака хэмээх хотод төржээ. Габриэлийн хувьд хамгийн дотны хүн нь түүний өвөг эцэг, хурандаа Николас Маркес байсан гэдэг. Габриэлийн аав Элижио Гарсиа, ээж Луиса Маркес нарын хайр сэтгэлийг хурандаа Маркес эхэндээ хүлээн зөвшөөрдөггүй байсан ч эцэстээ арга буюу тэднийг ойлгожээ. Гэвч хурандаа охин, хүргэн хоёртойгоо нэг дор амьдрахаас татгалзаж, ач хүүгээ өөр дээрээ өсгөсөн аж. Габриэль Гарсиа Маркест хамгийн ихээр нөлөөлсөн хүн нь түүний өвөг эцэг, эмээ хоёр нь байсан билээ. Өвөө нь түүнд толь бичиг зааж, цирк үзүүлэхээр дагуулж явдаг байв. Дайнд оролцож явсан ахмад дайчин, хурандаа Николас Колумбын либералуудын баатар, олонд хүндлэгдсэн нэгэн байсан юм. Хожим Габриэль Гарсиа Маркесийн зохиолуудад хурандаагийн үзэл санаа, улс төрийн баримтлал тод тусгагдсан нь бий. Түүнийг өсгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн эмэг эх Дона энгийн зүйлийг ч давсалж хачирлан, төсөөлж ургуулан ярьдаг хүн байсан нь ач хүүгээ зохиолч болоход нөлөөлсөн гэдэг. Хожим дурссанаар нь бол өвөг эцгийнх нь гэрт үлгэр домог, сүнс, буг чөтгөрийн тухай яриа тасардаггүй байжээ. Үлгэр домог ярихаас уйддаггүй эмэг эх нь бяцхан хүүгийн оюун ухаанд ид шид, ер бусын хүч, мухар сүсгийн ундарга болж байв. 

Маркесийг найман настай байхад өвөө нь нас барсан тул эцэг, эх нь түүнийг Аракатакагаас авч явсан байна. Тэр энэ үеийг “Түүнээс хойш миний амьдралд ямар ч сонин зүйл тохиолдоогүй” гэж хожим нь дурссан байдаг.  

Ингээд олон жилийн дараа Габриэль Гарсиа Маркес эхнэр, хүүхэдтэйгээ Акапулько руу явах замдаа асуултынхаа хариуг олсноор, замын дундаас гэр рүүгээ буцаж, зохиолоо бичиж эхэлсэн гэдэг. Тэр агуу бүтээл “100 жилийн ганцаардал” байсан юм. Зохиолч тэр үед зохиол нь хэзээ бэлэн болохыг мэдэхгүй тул машинаа зарсан мөнгөөр эхнэр, хүүхдээ тэжээдэг байж. Маркес зохиолоо анх төлөвлөж байсан хугацаандаа дуусгаж чадаагүй бөгөөд 18 сарын турш өдөр болгон бичсээр л байв. Түүнийг зохиол бичиж байх хугацаанд эхнэр нь есөн сарын турш мах, талх зээлээр авч амьдралаа залгуулдаг байжээ. Гэхдээ энэ амьдрал төгсгөл болж, 1967 онд хэвлэгдсэн “100 жилийн ганцаардал” зохиол нь дэлхийн утга зохиолд нэгэн шинэ үзэгдэл болж, урьд хожид байгаагүй их амжилт авчирсан юм. Маркес “100 жилийн ганцаардал” зохиолынхоо сүүлчийн өгүүлбэрийг бичээд сандлаасаа босч, хаалгаа нээх үед өрөөнд нь цэнхэр муур орж иржээ. Хүүхдүүдийнх нь хийсэн “хэрэг” болохыг зохиолч мэдэж байсан ч ном нь нэлээд хэдэн удаа хэвлэгдэх нь гэж билэгшээн бодсон нь талаар болоогүй юм. Габриэль Гарсиа Маркесийн оюун санааны ертөнц дэх хачин жигтэй Макондо суурин, учир битүүлэг нэгэн гэр бүлийн долоон үеийн амьдралын тухай “100 жилийн ганцаардал” роман түүнд 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал авчирсан юм.Маркес өөрийгөө “цэвэр реалист” тэр ч байтугай “гашуун реалист” гэж тодорхойлдог байв. Тэр бас “Үлгэрийг, хамгийн санаанд оромгүй явдлыг ч үнэн гэж үнэмшихээр өгүүлэхэд хамаг учир нь байгаа юм” хэмээн нууцаасаа хуваалцсан байдаг. “100 жилийн ганцаардал” романы далд санааг тайлж хэлээч гэсэн сурвалжлагчийн асуултад зохиолч “Би хариулахгүй” гэж зөрүүдлэн, “Миний романыг уншаад өөрийнхөөрөө ойлгож, баатруудыг нь өөрийнхөөрөө төсөөлөхийг би хүсч байна. Энэ бол зохиолч зохиолоороо дамжуулан уншигчтай дотоод сэтгэлээрээ харилцаж байгаа хэрэг” хэмээн хариулжээ. 

Хамгийн сонирхолтой нь, Габриэль Гарсиа Маркес дэлхийн утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, олон хэлнээ орчуулагдсан, хамгийн гүйлгээтэй зохиол болсон “100 жилийн ганцаардал” романаар кино хийхийг одоо ч зөвшөөрдөггүй юм. Харин Японы авангард яруу найрагч, кино зохиолч, найруулагч Шүжи Тэраяама уг романаас сэдэвлэн “100 жилийн ганцаардал” жүжиг найруулан тавьж, “Farewell to the Ark” нэртэй кино бүтээсэн байдаг. Габриэль Гарсиа Маркесийн энэхүү алдартай романыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Утга зохиолын доктор Г.Аким монгол хэлнээ орчуулан, уншигчдын хүртээл болгосон билээ. 

"Зуун жилийн ганцаардал" зохиолч Габриель Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал" зохиолч  Габриель Гарсиа Маркес Reviewed by Unknown on January 13, 2018 Rating: 5

No comments

Recent Posts